Температуртай бодлогыг бодох арга
6-аас дээш ангийн сурагчид болон математикийн багш нарт зориулав.
Дунд
сургуулийн математикийн хичээлийн хүрээнд өгүүлбэртэй бодлогууд дотор
тодорхой температуртай шингэнүүдийг холих, халаах, хөргөх үйлдлүүд бүхий
сэдэвтэй бодлогууд олон тааралддаг билээ. Ийм бодлогуудыг бодоход хими,
физикийн зарим мэдлэг хэрэгтэй болдог.
Энэ удаа тэдгээр бодлогуудыг бодоход хэрэглэдэг нэгэн томъёог танилцуулъя.
Юуны өмнө олонтаа тааралддаг энгийн бодлого авч үзье.
Бодлого 1. 100° температуртай 20 л усан дээр 30° температуртай 60 л ус хийвэл хэдэн градусын температуртай болох вэ?
Температуртай холбоотой дараах эгэл чанаруудыг хэлж чадна. Үүнд:
Чанар 1.
Нэг ижил температуртай шингэнийг холиход тэдгээрийн эзэлхүүний
харьцаанаас хамаарахгүйгээр хольцын температур өөрчлөгдөхгүй. Өөрөөр
хэлбэл хольж буй шингэнүүд хоюулаа а° температуртай бол хольц мөн а°
температуртай байна гэсэн үг.
Чанар 2.
Хоёр өөр температуртай шингэнийг холиход өндөр температуртайгаас нь
нам, нам температуртайгаас нь өндөр температуртай шингэн үүснэ. Өөрөөр
хэлбэл хольж буй шингэнүүд а°; b° температуртай, a≤b ба хольцын температур с° болсон гэвэл a≤c≤b байна гэсэн үг.